УИХ-ын нэгдсэн хуралдааны тойм

Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Төрийн аудитын тухай хуульд заасныг үндэслэн Сандагийн Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитороор томиллоо.

Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” дүгнэлтийг хэлэлцлээ.

Гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, хэлэлцүүлгийн явцад гишүүдээс гаргасан саналын дагуу Үндсэн хуулийн цэцийн холбогдох дүгнэлтийн талаар, Улсын Их Хурлаас гаргасан аливаа шийдвэр нь ямар үр дагавартай байх талаар холбогдох байгууллагуудтай зөвлөлдөх, нухацтай судалж, нягтлах шаардлагатай учир санал хураалтыг хойшлуулж буйгаа мэдэгдэв.

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэх хангуулахаар ЭЗБХ-нд шилжүүлэв.

Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг ирэх долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар болов.

Хуралдааны төгсгөлд баталсан хуулийн эцсийн найруулгыг сонслоо. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэсний дагуу Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонсов.

Авлигаар биш, таны дэмжлэгээр урагшилна
Донорын хайрцаг:
Хандив өгөх