ХҮН Бодлого судалгааны төвийн 2026 оны хурал

2026 оны 6 дугаар сарын 11-нд ХҮН бодлого судалгааны төвийн эхний хагас жилийн захиалгат судалгааны үр дүнгийн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Хурлын үеэр яригдсан асуудлуудыг хураангуйлвал:

Б.Отгонтөгс: Бодлогын шийдвэр судалгаанд суурилсан байх ёстой

ХҮН-Бодлого судалгааны төв нь нийгэмд тулгамдаж буй асуудлаар судалгаа хийж, бодлогын зөвлөмж боловсруулах чиглэлээр ажиллаж байна.

Тус төвийн захирал Б.Отгонтөгс “ХҮН нам улс төрийн намын хувьд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг судалгаанд суурилан тодорхойлж, бодлогын шийдэл боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү төвийг байгуулсан. Цаашид судалгаанд суурилсан бодлого хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана” гэв.

Д.Гантулга: Бодлого, шийдвэр судалгаа, нотолгоонд суурилсан байх ёстой

ХҮН-Бодлого судалгааны төвөөс хийсэн судалгааны үр дүнг танилцуулах үеэр ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга үг хэллээ.

Тэрбээр нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг зөв тодорхойлж, бодит үр дүнтэй шийдвэр гаргахын тулд судалгаанд суурилсан бодлого боловсруулах нь чухал болохыг онцолсон юм. Мөн төрийн болон улс төрийн шийдвэрүүд нотолгоо, тоон мэдээлэл, судалгааны үр дүнд үндэслэх нь бодлогын чанар, хэрэгжилтийн үр нөлөөг нэмэгдүүлэх чухал нөхцөл гэдгийг тэмдэглэлээ.

Түүний хэлснээр, судалгааны байгууллагуудын гаргасан дүгнэлт, зөвлөмж нь шийдвэр гаргагчдад бодит нөхцөл байдлыг ойлгож, урт хугацааны оновчтой бодлого боловсруулахад чухал ач холбогдолтой аж

Ц.Алтансор: Монголд дээрэлхэлтийн эсрэг арга хэмжээ олон ч тогтолцоо дутмаг байна

ХҮН-Бодлого судалгааны төвөөс “Үе тэнгийн дээрэлхэлт ба хүүхдийн аюулгүй орчин” судалгааг хийжээ.

Уг судалгааны үр дүнг танилцуулах үеэр боловсрол судлаач Ц.Алтансор илтгэл тавьж, Казахстан, Финланд зэрэг улсын туршлагаас суралцан хүүхдийн аюулгүй орчныг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох нь чухал байгааг онцоллоо.

PISA 2022 судалгаагаар 15 настай сурагчдын 21 хувь нь үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн гэж хариулсан бол Монгол дахь албан ёсны бүртгэлээр энэ үзүүлэлт 2.2 хувь гарчээ. Энэ нь дээрэлхэлтийн олон тохиолдол далд хэлбэрээр үргэлжилж, бүртгэлд тусдаггүй байгааг харуулж байна гэв.

Тэрбээр мөн цахим орчин дахь дарамт, гадуурхалт, нэрээ нууцалсан халдлага зэрэг шинэ хэлбэрийн дээрэлхэлт хүүхдийн сэтгэл зүйд ноцтой нөлөөлж байгааг анхаарууллаа. Иймээс асуудлыг зөвхөн нэг удаагийн аян, сургалтаар бус, бүртгэл мэдээллийн тогтолцоо, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эрх зүйн зохицуулалтыг цогцоор нь сайжруулах замаар шийдвэрлэх шаардлагатайг дурдсан юм.

Ц.Амаржаргал: Эрчим хүчний салбарт төрийн зохицуулалт ба зах зээлийн зарчмыг хослуулах шаардлагатай байна.

ХҮН-Бодлого судалгааны төвөөс “Эрчим хүчний зах зээлийн загвар ба бодлого” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Энэ удаа Эрчим хүчний яамны Гэрээ эрх зүйн газрын дарга С.Амаржаргал оролцож эрчим хүчний зах зээлийн загвар ба бодлого сэдвээр судалгаагаа танилцуулсан юм. Тэрбээр Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тарифын бодлого, эрх зүйн зохицуулалт болон зах зээлийн шинэчлэлийн асуудлыг хөндлөө.

Цаашид төрийн зохицуулалттай тарифын тогтолцоог зах зээлийн зарчимтай хослуулсан холимог загвар чухал болохыг онцлон хэлсэн юм.

Монгол Улс нар, салхины нөөц ихтэй учраас зөв бодлого, эрх зүйн шинэчлэл хийж чадвал дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна эрчим хүч экспортлох, өндөр хэрэглээтэй томоохон төслүүд татах боломжтойг онцоллоо.

Авлигаар биш, таны дэмжлэгээр урагшилна
Донорын хайрцаг:
Хандив өгөх