ХҮН дарангуйлал тогтоох, эрх чөлөөг хязгаарлахыг эсэргүүцэн тэмцэх болно


МЭДЭГДЭЛ

2021 оны 10 дугаар сарын 6

Сүүлийн өдрүүдэд эрх баригчдын зүгээс иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх, үйл ажиллагааг хязгаарлан хориглосон мөртлөө, эрх мэдэлдээ эрдэж, өөрсдийн баталсан хууль тогтоомжоо зөрчсөн тэгш бус хандлага гаргаж, олныг хамарсан цэнгүүн зохион байгуулж, цар тахлын халдвар түгэх эрсдэлтэй нөхцөл байдал бүрдүүлснийг эсэргүүцэж үзэл бодлоо илэрхийлсэн, тайван замаар цугласан иргэдэд цагдаагийн хүч хэрэглэж, улмаар цагдан хорьж, эрх, эрх чөлөөнд халдсан үйлдэл гаргах нь даамжирлаа.

Эрх баригчид 5000 гаруй хүн цуглуулсан "олон нийтийн арга хэмжээ" зохион байгуулж болдог, иргэд тав, араваараа цуглаж, үзэл бодлоо илэрхийлж болдоггүй хууль ёс, зүй ёс гэж байж болохгүй. Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, нийтийн хэв журмыг сахиулж, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүрэгтэй болохоос эрх баригчид, эрхтэн дархтны хүчирхийлэл дарангуйллын хэрэгсэл байх ёсгүй.

Үндсэн хуулиараа чөлөөт ардчилсан төрийн байгуулал, хууль дээдлэх ёсыг баталгаажуулан тунхагласан Монгол Улсын цагдаагийн байгууллага хууль сахиулах, хууль хэрэгжүүлэх, хуульд захирагдах үүрэгтэй болохоос хэн нэг даргын сэтгэл хөдлөл, тушаал заавраар хөдөлдөг "хар хүч" болох үүрэггүй.

Тайван замаар жагсах, цуглах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол чөлөөт ардчилсан тогтолцооны амин сүнс, үндэс суурь юм. Ардчилсан төрт ёс, ардчилсан нийгмийн байгуулал бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болох нь хэн бүхэнд ойлгомжтой.

Гэтэл цагдаагийн албан хаагчид иргэдийг илтэд өдөөн хатгасан байдалтай зүй бусаар харьцаж, зөрчилдөөнийг зориуд үүсгэж байгаа нь нийгмийн сүлжээнд гарсан бичлэг, баримтнаас ил харагдаж байна. Монгол Улс төртэй, хуультай орон боловч монгол төрийн үндэс, баталгаа нь эрх чөлөөтэй ард иргэд гэдгийг эрх баригчид, Засгийн газар, сайд нар ухамсарлах шаардлагатай байна. Иргэд ядарсан, эдийн засаг хямарсан, бухимдалтай байгаа энэ үед үзэл бодлоо илэрхийлж буй иргэдийг ийнхүү хүч хэрэглэн дарангуйлах нь цаашдын илүү хурц хэлбэртэй зөрчил мөргөлдөөнд өдөөн турхирч байгаагаас ялгаагүй үйлдэл хэмээн буруушааж байна.

ХҮН намын зүгээс дарангуйлал тогтоох, иргэдийн эрх, эрх чөлөөг хууль бусаар хязгаарлах, ардчилсан ёс, эрх зүйт төрд халдсан аливаа үйл ажиллагааг эсэргүүцэн тэмцэх болно.

Эрх мэдлээ хамгаалж үлдэх золиос нь Монголын Ардчилал байж хэрхэвч болохгүй!