Сонгуулийн албан ёсны нээлтийн үг

Эрхэм Сонгогчид оо
ХҮН Намын гишүүд, дэмжигчид ээ
Нэр дэвшигчид ээ

Өнөөдөр улс орон даяар УИХ-ын сонгуулийн албан ёсны нээлтийн өдөр болж байна. ХҮН Намаас зохион байгуулж байгаа энэхүү нээлтийн арга хэмжээнд хуран цугласан Та бүхэнд, мөн Хэвлэл мэдээлэл, Сошиал ертөнцөөр анхааран ажиглаж байгаа нийт иргэддээ ХҮН Намын мэргэжилтэн залуусынхаа нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна.

Монгол улс 1990 оноос хойш УИХ-ын сонгуулийг 9 дэх удаагаа хийх гэж байна. Монгол бол аварга 2 гүрний дунд өөрийнхөөрөө эрх чөлөөтэй оршин байгаа ардчилсан улс юм. Иймдээ ч гаднын улсууд Монголыг Төв болон зүүн Азид орших “Ардчиллын баянбүрд" гэж нэрлэсэн байдаг. Тэгвэл энэ удаагийн 9 дэх сонгууль нь бидний сүүлийн 4 жил манлайлан өөрчилсөн ҮХНӨ-ийн хүрээнд явагдаж байгаагаараа онцлог бөгөөд Ардчилсан Монгол улсын төлөө өөрсдийн эхлүүлсэн үйл хэргээ цементлэх, үр шимийг нь иргэддээ хүлээлгэн өгөх түүхэн хариуцлагатай сонгуулийн өмнө бид ирээд байна. Монгол улсынхаа 21 аймаг, 9 дүүргээр хамтдаа явж иргэддээ мэдээлэл түгээсэн намынхаа залуус,дэмжигчдэдээ болон тогтолцооны өөрчлөлт хийхийг дэмжиж шаардсан нийт Монголчууддаа талархлаа илэрхийлье.

​​Өмнөх үеийн маань байгуулж, бидэнд хүлээлгэн өгсөн ардчилсан тогтолцоонд ололттой болон засаж залруулах олон зүйлс байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Юуны өмнө үзэл санааны өрсөлдөөн хумигдаж, популизм газар авлаа. Төрийн үйл хэрэгт олон түмний оролцоо, дуу хоолой дутагдаж тэдний бодит төлөөлөл төрийн ордонд биш талбай дээр эсэргүүцлээ илэрхийлж байна. Бид 1992 онд олон намын тогтолцоотой, парламентын засаглалтай, бүгд найрамдах улс байна гэж Ардчилсан Үндсэн хуульдаа тусгасан боловч бодит байдалд хэлбэр төдий 2 намын бүлэглэлийн тогтолцоо руу гулсаж, өнөөдөр бүр 1 намын тогтолцоо уруу шилжээд байна. Үр дүнд нь УИХ-д сөрөг хүчний бодит төлөөлөлгүйгээр сүүлийн 8 жилийг ардаа орхилоо. Авлига, хулгай ч бодитойгоор нүүрлэж, алдаа гаргасан төрийн хүмүүст хариуцлага тооцож чадахгүй байдал руу орсон байна. ХҮН Нам энэхүү хандлагыг сөрж УИХ-д ганц гишүүнтэй ч олон түмний дуу хоолой болж Хөгжлийн банк, Нүүрсний 40 их наяд, Цавчаа ногооны хулгай болон Офф-тейк гэрээг ил болгож парламентын сонсголыг зохион байгуулах замаар иргэдийн мэдэх эрхийг хангалаа. Хэрэв ХҮН нам УИХ-д нэг суудалгүй, Нийслэлийн төлөөлөгчдийн хуралд бүлэггүй байсан бол эдгээр хулгайнууд хэзээ ч ил болохгүй байв. Харин одоо эхлүүлсэн ажлаа дуусгаж, авлига авсан эрх мэдэлтэй дарга нарт хуулийн хариуцлага тооцох цаг нь иржээ ХҮН-чүүдээ. Үүнийг бид хамтдаа нэр төртэйгөөр хийх болно оо.

ХҮН Нам бусад намуудаас юугаараа ялгаатай вэ гэдгийг маш тодорхой 3 зүйлээр онцолъё.

Нэгд, алдаатай оноотой ч өөрийн зөв замаар туулж буй ардчилсан Монголын хөрснөөс соёолон ургаж буй  Улс төрийн анхны том инстүүц бол ХҮН Нам юм. Тиймээс ч бид дүүрэн нэр дэвшилт хийж чадсан шинэ үеийнхний дэмжлэгтэй Хорин нэгдүгээр зууны нам билээ.  

Хоёрт,
бид дотоод ардчиллаа хөгжүүлж ХҮН намаар дамжуулан Монголын Төрд үгүйлэгдээд буй салбар бүрийн мэргэжилтнүүдийг төрийн ачаа үүрүүлэхээр зорьж буй олон түмний оролцоог хангасан улс төрийн инстүүц юм.

Гуравт,
бид хурдан өөрчлөгдөж байгаа ертөнцөд шинэ үеийнхний улс төрийн боловсролыг дээшлүүлж, оролцоог нь хангах замаар Ардчиллыг бэхжүүлж, биеэ даасан эдийн засгийн бүтэцтэй тусгаар Монгол улсыг дараа үедээ, үр хүүхдүүддээ өвлүүлж өгөхөөр сэтгэл шулуудсан, эрдэм боловсролыг эрхэмлэсэн “гишүүн” төвтэй нам юм. ​

Үүний тулд ХҮН Нам Сонгуульд нэр дэвшүүлэхдээ 54 хувь нь эрэгтэй, 46 хувь нь эмэгтэй байхаар, нийт нэр дэвшигчдийн 70 хувь нь Баруунд боловсрол эзэмшсэн мастер докторууд, 30 хувь нь бакалаврууд буюу эмч багш, инженер, хуульч, эдийн засагч гээд салбар бүрийн мэргэжилтэн, ажлын туршлагатай 126 лидерээ сонгогч Танд илгээж байна. Та тосоод дэмжээд, сонгоод өгөөрэй.

​ХҮН Нам бүх улс төрийн хүчинтэй хамтарч Монголын нийгэмд Маргаашийг илүү сайн болгох өөрчлөлт авчрахыг хүсэж байна. ​

Бид намуудтай гоё сайхан хэллэг, амлалт, олон хуудас хөтөлбөрөөр уралдъя гэсэнгүй. Бидний итгэл үнэмшил, мэргэжлийн хандлагад нийцэж байгаа болгоныг ХҮН Нам дэмжиж ажиллах болно.​

​Тэгвэл бид юу хийхийг зорьж байгаа вэ? ​

1. Төрийн Засаглалыг сайжруулна 

• ХҮН Нам төрийг цомхон, мэргэжлийн байлгахаас ажлаа эхэлнэ. Юуны өмнө яамдын тоог 9 болгоно. Агентлагийн тоог 2-3 дахин бууруулна. Энэ нь төсвийн хөрөнгийг ихээр хэмнэхээс гадна бизнесийн орчинд бий болсон төрийн дарамтыг арилгах болно

• Нүүрс, Зэс, Хөгжлийн банк, цавчаа ногооны жинхэнэ хулгайчид, авлигачдад хуулийн хариуцлага тооцно. Иймд хараат бус, хэрэг хурдан шийдвэрлэдэг шүүхийн тогтолцоог бүрдүүлж, Прокурорын байгууллагыг шүүх эрх мэдлийн бус гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага болгоно. 

• Авлигатай тэмцэх газрыг зөвхөн урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болгон өөрчилж, авлига албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгах бүрэн эрх бүхий тусгай субъектийн гэмт хэргийг мөрдөн шалгах нэгжийг сэргээн байгуулна.  

​2. Уул уурхайн Засаглалыг өөрчилнө

• Уул уурхайн төрийн өмчит томоохон компаниудыг иргэдийн хяналттай, нээлттэй хувьцаат компани болгоно. Ялсан намын дарга биш хөндлөнгийн мэргэжлийн удирдлагын багийг томилно.

• Стратегийн ач холбогдол бүхий ордыг уул уурхайн салбарын дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн стратегийн ач холбогдол бүхий чухал ашигт малтмалд хамааруулах байдлаар эрх зүйн зохицуулалт хийнэ.

• Баялгийн санг цуглуулж хуваарилахаас илүү хуримтлуулж үржүүлдэг олон улсын жишгээр хөгжүүлнэ.​

3. Татварын дарамтыг багасгаж Зээлийн хүүг бодитой бууруулж, бизнесийн шинэ чиглэлийг дэмжинэ

• Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар(ААНОАТ)-ыг 50 хувиар хөнгөлж, НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлнэ.

•   АМНАТ зэрэг давхардсан татварын дарамтыг арилгана.

• Гарааны бизнесийг санхүүжүүлэх венчур капитал сан байгуулна.

• “Сумын хөрөнгө оруулалтын сан” хөтөлбөрийг хэрэгжүүлж орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийг өндөр хүүтэй зээлийн өрийн дарамтаас чөлөөлөх замаар орон нутагт зах зээлийн эдийн засгийг хөгжүүлнэ.

•  Ипотекийн зээлээр хүн амыг орон сууцжуулна

​4. Эрчим хүч,Үйлдвэржилтийг дэмжинэ

• Ган, цемент, шилний үйлдвэрт тэргүүлэх ач холбогдол өгч хөгжүүлнэ• Эрчим хүчний тухай хуулийг шинэчлэн найруулж, хөрөнгө оруулалт, өрсөлдөөн, шинэ технологийг дэмжсэн эрх зүйн орчныг бий болгоно.

​​5. Нийгмийн бодлогыг хүртээмжтэй болгоно

• Багшийн үнэлэмжийг хамгийн өндөрт тавьж цалинг нэмэгдүүлэх эдийн засгийн орчныг бүрдүүлнэ.

• Өмчийн хэлбэр, байршлаас үл хамааран боловсролын чанарыг ижил байлгах бодлого баримтална.
 
• Хүүхдийн нүдэнд аюулгүй “дижитал сурах бичиг”-ийг үе шаттайгаар нэвтрүүлнэ. 

• Суурь тэтгэвэр, хуримтлалын тэтгэвэр, хувийн нэмэлт тэтгэвэр гэсэн олон тулгуурт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлж тэтгэврийн реформыг цогцоор нь хийнэ.

• 10,000 айл өрхийн цахилгаан болон дулаан хангамжийг нарны эрчим хүчээр хангах төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ.

Монгол Улсын иргэд, эх орончид, нийт монголчууд аа!


Нийгмийн хөгжил хүний нэг үе буюу 25-30 жилээр давлагаалан явдаг. Монголчууд бид хөгжлийн нэгэн үе шатыг өндөрлөж, дараагийн шатны босгон дээр зогсож байна. Монгол хүн бүрээс, танаас бүх зүйл хамаарна.

6/28-нд болох УИХ-ын Сонгууль бол дараагийн ээлжийн дарга нар, гишүүдээ сонгох биш, үр хүүхдийнхээ, эх орныхоо ирээдүйг сонгох өдөр юм шүү. Хэрэв Монгол ХҮН та ирэх 30 жилийг өнгөрсөн 30 жил шиг өнгөрөөхийг хүсэхгүй бол, өнөөдрийн асуудал зовлон, өр төлбөрийг үр хүүхдэдээ өвлүүлэхийг хүсэхгүй бол мэргэжилтэн залуусаа, ХҮН намаа сонгоорой.

Өнөөгийн нийгэмд бухимдан суугаа ахмадуудаа, 

Энэ удаа та бүхэн өөрийн харьяалагддаг нам төр биш өсгөж бойжуулсан үр хүүхэд, ач зээ нарынхаа ирээдүйн төлөө, улс орныхоо ирээдүйд саналаа өгөөрэй. Бид өөрчилж чадна.

Ирээдүйдээ итгэл алдан Fuck Off гээд амьдрал хөөн гадагшаа явахаар сэтгэл шулуудсан Залуус аа, 

Төрөө барих нэг өдрийн эрхээ эдэлж сонгуулиа өгцгөө. Өөрийн болон найз нөхдийнхөө нийгмийг өөрчлөх, авсан цалиндаа сэтгэл хангалуун байх, хадгалсан мөнгөөрөө гадагшаа аялах, сурах боломжийг хамтдаа бүтээцгээе. Бид өөрчилнө. ЦАГ НЬ БОЛСОН!

Монголчууд түүхэндээ хүнд бэрх, итгэмээргүй олон сорилтыг даван туулж, унасан ч дандаа босож ирсэн ард түмэн юм. Харин өнөөдөр Монголын тусгаар тогтнол хоймроосоо сэмрэх ёсгүй!

Монголоо монголоор нь хадгалж, эх орноо хөгжлийн шинэ шатанд гаргах чин сэтгэл, хүсэл тэмүүлэл, эрдэм мэдлэг, итгэл үнэмшил шингэсэн иж бүрэн хөтөлбөр бидэнд бий. Үүнийг хэрэгжүүлэх ирээдүй хойч, эх орноо гэсэн сэтгэлтэй баг мэргэжилтнүүд бидэнд бас байна. Хамгийн чухал нь энэ бүхнийг ойлгон таних, түүхэн шинэ цагаа мэдрэх олон түмэн монголчууд, дэмжигчид та бүхэн маань энэхүү өөрчлөлтөд бэлэн гэдэгт итгэж байна.

Улс орныг хоосон үг, популист амлалтаар хөгжүүлдэггүй. Эрдэм мэдлэг, эх оронч сэтгэл, прагматик бодлогоор хөгжүүлдэг. Ирэх 4 жил, цаашлаад ирэх 30 жил Монгол оронд хөлөө олох, хөгжил дэвшил, уужуу зорилго, урам зоригтой урагшлах цаг үе байх ёстой. Ийм цаг үеийг бид бүгд хамтдаа сонгож, эхлүүлэх болно. 

Бид ирээдүйдээ итгэл алдсан энэ нийгмийг өөрчилнө. 
Бид үргэлж алдагдалтай, өр үйлдвэрлэдэг үрэлгэн төсвийг өөрчилнө.
Бид төр нь томорч, бизнес нь жижгэрдэг чөтгөрийн тойргийг өөрчилнө.
Бид хулгайчийг хамгаалдаг хууль, шүүхийн тогтолцоог өөрчилнө.
Бид утаатай, түгжрэлтэй Улаанбаатарыг өөрчилнө.

Өнгөрснийг авардаггүй, ирээдүйг л авардаг! 
Сонголт таных, харин ирээдүй үр хүүхдүүдийнх.

Бид өөрчилнө!
Цаг нь болсон…


Баярлалаа.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН

Мөрийн хөтөлбөр

Энэхүү мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох ХҮН намын зүгээс Хүмүүнлэг эрх чөлөөний үзэл санаанд үндэслэн, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулиудад нийцүүлэн боловсруулсан Бодлогын баримт бичиг болно.

БҮГДИЙГ ХАРАХ

Хүчирхэг эдийн засаг

Бүтээх эрх чөлөөг баталгаажуулж, эдийн засагт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар төрийн оролцоог бууруулна.

Хүндээ зориулсан хөрөнгө оруулалт

Боловсрол, эрүүл мэнд , тэтгэврийн реформ хийнэ.

ХҮН намын 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг боловсруулах үйл явцад  салбар бүрийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулдаж нийт 224 өдрийн турш 13 бүлэгт 46 эксперт 300 гаруй үйл ажиллагаа бүхий хөтөлбөр боловсрууллаа. Эдгээрээс СОНГОГЧ танд онцлох үйл ажиллагаануудаас танилцуулъя.

Хүний эрхийг дээдэлсэн, цомхон, чадварлаг, 
авилгагүй төр

Эрх зүйт төрийг төлөвшүүлж, ард түмний хүсэл зоригийг шингээсэн хуульт ёс засагладаг болгоно.

Байгальд ойр 
хөгжил

Унаган байгаль, орчин үеийн дэвшлийг хослуулсан хөгжлийн монгол загварыг дэлхийд танилцуулна.

Батлан хамгаалах, гадаад харилцаа

Гадаадад суугаа монголчуудын сонгох эрхийг баталгаажуулж, тэдэнд төрийн үйлчилгээ авах боломжийг нээнэ.

Хотын хөгжил ба 
дэд бүтэц

Иргэдэд үзүүлэх хотын үндсэн үйлчилгээний чанар, менежментийг цогцоор нь сайжруулна.

Бүсчилсэн 
хөгжил

Даяаршлын энэ цаг үед дэлхийн улсууд, түүний дотор хоёр хөрш орны геополитик, гео эдийн засгийн чиг хандлага өөрчлөгдөж улс үндэстэн дамнасан томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.