Хөгжлийн банкны асуудлыг мэргэжлийн түвшинд шалган   тогтоохыг шаардав


МЭДЭГДЭЛ

2022 оны 2 сарын 13

Монгол Улсад улс төр, бизнесийн салбар хоорондоо хутгалдаж, аливаа сонгууль мөнгөний сонгууль болж ужгирсны улмаас улс төр, төрийн алба дамжсан эрх мэдэлтнүүд төрийн өмч, нийтийн төсөв санхүүг хулгайлах явдал улам даамжирсаар байна. Хөгжлийн банкны асуудал бол нам дамжиж төрийн эрх төрийн эрх мэдэлд хүрсэн хэдэн хүний авилга, хулгайн асуудлаас гадна улс төрийн нам, сонгуулийн тогтолцооны гажуудлын илрэл юм. Иймд асуудлыг тогтолцооны түвшинд ул суурьтай дүгнэн авч үзэж, дахин ийм хэргүүд гарах нөхцөлийг хаахуйц дараах арга хэмжээг яаралтай авч ажиллахыг шаардаж байна.

  1. Улс төрийн хатуу хариуцлага тооцох. Монгол Ардын Нам (МАН), Ардчилсан Нам (АН)-ын удирдлагууд Хөгжлийн банктай холбогдсон намын гишүүдээ намаасаа түдгэлзүүлэх, чөлөөлөхөө мэдэгдсэн нь талархууштай. Үүнийг зөвхөн мэдэгдэл төдий биш бодитой үйлдэл болгон хэрэгжүүлж, Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүд болон өмнө нь УИХ, ЗГ-ын гишүүнээр ажиллаж байсан намын гишүүддээ яаралтай улс төрийн хариуцлага тооцож, УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах, намын гишүүнчлэлээс хасах зэргээр шийдвэртэй арга хэмжээ авч, хуулийн байгууллагуудыг саадгүй ажиллах нөхцөлөөр хангахыг МАН болон АН-ын удирдлагуудаас шаардаж байна.

  2. Хуулийн хариуцлага хүлээлгэх. Хөгжлийн банкны хулгайг хуулийн хүрээнд яаралтай шалгаж зээл авсан этгээдүүдээр бүрэн төлүүлэх ажлыг Хууль зүйн яам, УПЕГ, шат шатны шүүхийн байгууллагууд яаралтай шийдвэрлэж ажиллах.

  3. Хэргийг мэргэжлийн түвшинд нягт шалгах. Зээлийг хууль журмын дагуу авч, төслөө бодитой хэрэгжүүлж, зээлээ эргэн төлж байгаа төсөл хэрэгжүүлэгчид болон улс төрийн эрх мэдлээ ашиглан, бусдын болон өөрийн нэр дээр зээл авсан улс төрчдийн хэргийг ялгаж бодитой үнэлгээ хийх. Харин улс төрчидтэй холбоотой зээлүүд эргэн төлөгдсөн ч нягт шалгаж, хэргийг ил тод гаргах.

  4. Намчирхан талцаж, хэргийг саармагжуулахгүй байх. Нэр холбогдсон улс төрчдөд хуулийн хариуцлага хүлээлгэхээс гадна бүх улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс гишүүнээр авахгүй, хамтран ажиллахгүй, аливаа сонгуульд нэр дэвшүүлж, улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх, жирийн гишүүд иргэд мөн намчирхан талцаж, хэргийг саармагжуулахгүй, нэгдэн ажиллахыг уриалж байна.

ХҮН нам