"Өөрсдөө хэмнэ" иргэд, олон нийтээ сонсох уулзалтад урьж байна

2022 оны 5 сарын 19

Сонгуулийн тогтолцоо, төрийн эрх мэдлийн хуваарилалтын алдааг засах, төрийн оновчгүй, нүсэр бүтэц, үр өгөөжгүй үрэлгэн зардлыг бууруулах,  Хөгжлийн банкны асуудлыг нээлттэй хэлэлцэж, яаралтай, шударгаар шийдүүлэх зорилгоор 2022.05.05-ны өдөр залуус “ӨӨРСДӨӨ өөрчил, үгүй бол ТАР!!” уриан дор ахин нэгдэж, тайван жагсаал хийсэн. 

Өмнөх жагсаалаас ялгаатай нь жагсаалд оролцогчдын төлөөллөөс энэ удаад маш тодорхой дараах 10 шаардлагыг УИХ-д хүргүүлэн, УИХ-аар яаралтай горимоор хэлэлцэхийг шаардаад байгаа билээ. 

“ӨӨРСДӨӨ өөрчил, үгүй бол ТАР!!” тайван жагсаалын үеэр хүргүүлсэн албан ёсны шаардлага : 

УИХ-н дарга Г.Занданшатар болон УИХ-ын нийт гишүүдэд : 

1. УИХ-ын сонгуульд сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх, ингэхдээ хамгийн багадаа гишүүдийн 50 хувийг нь сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгодог болгох;

2. Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг ноцтой зөрчсөн, улс төрийн нам байгуулахын тулд нийт сонгогчдын нэг хувиас доошгүй тооны иргэд буюу 20000 гаруй иргэд эвлэлдэн нэгдсэн байхыг шаардсан Үндсэн хуулийн Арван ес1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болгох;

3. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгын хүрээнд Үндсэн хуульд нийслэлийн нэрийг тухайлан заахаас татгалзаж, эдийн засгийн тулгуур төв, хотуудыг байгуулах боломж бүрдүүлэх;

4. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн тоог бууруулах, нэгтгэх замаар бүсчилсэн хөгжлийн боломжийг нээх, төрийн захиргааны зардлыг бууруулах, зах зээлийг зохиомол хил хязгааргүйгээр нэгтгэснээр орон нутагт ажиллах, бизнес эрхлэх боломжийг бүрдүүлэх;

5. Аливаа хотын даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэдийнх нь саналаар сонгодог болгох зэрэг асуудлыг нэн даруй УИХ-ын онцгой бүрэн эрхийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэхийг шаардав.

Түүнчлэн:

1. УИХ-ын гишүүдийн тоог дэлхийн амжилттай хөгжиж буй парламентын засаглалтай орнуудын жишигт хүртэл нэмэгдүүлэх эсэх;

2. УИХ-ын гишүүд сайдын албан тушаалыг хавсран гүйцэтгэхийг зөвшөөрөх эсэх; 

3. УИХ-ыг хамтын хариуцлага хүлээлгэж, Ерөнхий сайдаа дэмжих олонхгүй болсон тохиолдолд Ерөнхий сайдын саналаар Ерөнхийлөгч УИХ-ыг тараах бодит боломжийг бүрдүүлэх эсэх; 

4. Ерөнхийлөгчийг Аймаг, нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас сонгон ирүүлсэн зохих тооны төлөөлөгчдийг оролцуулан УИХ-ын өргөтгөсөн чуулганаас сонгодог болгох эсэх;

5. Сумдад тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн нэгдэл болсон Төрийн бус байгууллагууд нэр дэвшүүлэх боломжийг нээх зэрэг асуудлыг иргэдээр өргөн хэлэлцүүлж, зохих санал, дэмжлэгийг авсны үндсэн дээр хэлэлцэн шийдвэрлэхийг мөн шаарджээ.


Дээрх 10 шаардлагуудыг бодит ажил хэрэг болгохын тулд: 

• Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар яаралтай горимоор хэлэлцэх асуудлын дараалалд оруулан хэлэлцэж, УИХ-ыг ажлын 5 хоног завсарлуулан гишүүд бүрээр тус тусын тойргийнх нь иргэдэд төслийг танилцуулах ажлыг гүйцэтгүүлэх замаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг яаралтай зохион байгуулах;

• Хөгжлийн банктай нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар нээлттэй хэлэлцэх;  

• Энэхүү шаардлагын хариуг ажлын 5 хоногт багтаан өгөхийг УИХ-аас болон УИХ-ын дарга /Г.Занданшатар/-аас тус тус шаардсан байна. 

Хэрэв УИХ-ын дарга Г.Занданшатар “ӨӨРСДӨӨ өөрчил, үгүй бол ТАР!!” жагсаалаас гарсан дээрх шаардлагын хариуг ажлын 5 хоногт багтаан өгөхгүй бол  УИХ-ыг тараах дараагийн шатны тэмцлийг хийнэ гэдгээ мэдэгдээд байна. 

Тус шаардлагыг дэмжин одоогоор 100.000 орчим гарын үсэг цугларсан хэдий ч иргэд сайн дураараа үргэлжлүүлэн дэмжин гарын үсгээ зурсаар байгаа юм. Та ч мөн дэмжин цахимаар гарын үсгээ зурах боломжтой.